Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхдийг бага наснаас нь хог хаягдлыг ангилан ялгах, байгаль орчиндоо ээлтэй иргэн болж төлөвшүүлэхэд сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, бүтээмж, сайн туршлага, шинэлэг шийдлийг нэвтрүүлж, хүүхдүүдэд дадал хэвшил суулгах зорилгоор “Эко манлайлагч байгууллага"-уудыг шалгарууллаа.
Баянхонгор сумын ЗДТГ, Эко Баянхонгор төслөөс хамтран зохион байгуулсан тус уралдааныг Баянхонгор сумын СӨБС, ЕБС, “Өлзийт” МСҮТ, Политехникийн коллежуудын дунд нэг жилийн хугацаанд өрнүүлэн, шилдгүүдийг 21 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулжээ.
ЕБС-иудаас Гэгээнсумади сургууль, цэцэрлэгүүдээс 3 дугаар цэцэрлэг бусдыгаа хошуучилж тус бүр 5 сая төгрөгөөр шагнуулсан бол удаах байрууд 1.5 сая, 1 сая төгрөгөөр тус тус шагнуулсан байна.
Тус аяныг өрнүүлснээр сумын хэмжээнд гарч байгаа нийт хог хаягдлын 30-40 хувийг дахин ашиглаж, цаас, шил лааз, хуванцар савыг ангилан ялгаж Улаанбаатар хот руу үйлдвэрт нийлүүлэн ажиллаж байна.
Уралдааны хүрээнд Баянхонгор сумын Ерөнхий боловсролын долоон сургууль, Политехникийн коллеж, Өлзийт МСҮТ-ын сурагчид, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүд Хог хаягдлаа ангилан ялгах дадал хэвшил эзэмших анхны мэдэгдэхүүнтэй болж, суралцаж байгаа орчин, гэртээ хэрэгжүүлж, эцэг эхдээ нөлөөлөх суурь болж байгааг албаныхан онцолж байна. Тухайн байгууллагууд хүний нөөц, сурагчид, хүүхдүүдийн оролцоотойгоор нийтийн эзэмшлийн талбай, гудамж, байгууллагуудад хог хаягдлын зөрчлийг илрүүлэх, арилгуулах, холбон зуучлах чиглэлээр анхны хяналтыг хэрэгжүүлж, сургамж бэрхшээлээ тодорхойлон, бодлого тусгуулах санал зөвлөмжөө боловсруулан сумын ЗДТГ-т мөн хүргүүлжээ.
Хогоо ангилж ялгах дадалд хүүхэд багачуудыг суралцсанаас гадна ангилсан хогоо тушааж мөнгө болгох, хуванцар, цаас, хүнсний хог хаягдлыг байгальд хаяхгүйгээр ашиглахад суралцсанаа хүүхдүүд хэлж байлаа. "Гэгээн сумади" сургууль ундааны савыг 20 төгрөгөөр худалдан авдаг болсон бол Гуравдугаар цэцэрлэг хоолны хог хаягдлаар бордоо хийж, цэцгийн үрсэлгээнд ашиглаж эхэлсэн зэрэг шинэлэг санаачилгууд гарчээ. Түүнээс гадна гэр хороолол хог хаягдлынхаа 40 орчим хувийг ангилан ялгаж, үнсээр нь тоосго хийх туршилтыг ч эхлүүлсэн юм.
Баянхонгор аймаг нь Хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөгөө баталсан анхны аймаг юм.