МАНАЙ УЛСАД 13-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 14.3 ХУВЬ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТДАГ

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх ухааны газартай хамтран электрон болон утаат тамхины хор уршгийн талаар таниулах зорилгоор “Электрон болон утаат тамхи” сургалт нөлөөллийн арга хэмжээг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Политехник коллежийн оюутнуудад зориулан зохион байгуулан ажиллалаа.

Тус сургалт, арга хэмжээнд сумын Ерөнхий боловсролын Номундалай цогцолбор сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургуулиудын дунд, ахлах ангийн 1000 гаруй сурагчид хамрагдлаа.

Ингэхдээ утаат тамхины хор уршгийн талаарх боршурыг тарааж, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохиролыг сурагчдад таниулсан юм.

Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч биед сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа өсвөр насныханд бүр ч илүү сөрөг нөлөө үзүүлдэг учраас аль болох үүнээс татгалзах нь зүйтэй. Ингэж зарим хүн тамхинаас гарах зорилгоор хэрэглэдэг боловч нөгөө талд хүүхдүүд тамхинд илүү татагдаж, сонирхох, уруу татагдах байдлаар хэрэглэж байна. Цаашдаа дээр дурдсан аюулаас илүүтэй хортой нөлөө үзүүлж болшгүй талаар мэргэжилтнүүд дэлхий нийтэд анхааруулж байна.

Электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрснийг илтгэх баримт дурдъя. Судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр 13-15 насныхан буюу өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ чамгүй өндөр үзүүлэлттэй байгаа нь энэ асуудлыг анхаарах цаг болсон гэдэг дохио өгч буй.

2019 онд хийсэн судалгаагаар 15-64 насны иргэдийн цахилгаан тамхины хэрэглээ 1.9 хувь байхад, 13-15 насныхны хэрэглээ 3.5 хувьтай байжээ. Гэтэл БНСУ-д 2020 онд хийсэн судалгааг харвал 19-өөс дээш насны иргэдийн тамхины хэрэглээ 3.2 хувь, 13-18 насныхны хэрэглээ 1.9 хувь байна. Ингээд үзвэл гаднын орнуудаас хүүхдийн тамхины хэрэглээгээрээ бид илүүрхэж явна.

Тиймээс өсвөр насны хөвгүүдээ электрон тамхи татаж байгаа эсэх дээр анхаарал хандуулахыг зөвлөж байна.

2023-04-14 00:00:00