“НАЙЗ БАЙЯ” ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНД НЭГДЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “НАЙЗ БАЙЯ” нөлөөллийн аяныг эхлүүлсэн.
“НАЙЗ БАЙЯ” Баянхонгор аймаг нэгдэж аймгийн ГХУСАЗСЗ, Баянхонгор сумын ЗДТГ, БШУГ, ГБХЗХГ-аас хамтран өнөөдөр сургалт, нөлөөллийн арга хэмжээг Номундалай цогцолбор сургууль дээр /2023.06.07/ зохион байгуулж, 20 сумаас хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилтан, сургагч багш болон орон нутгийн удирдлагуудыг татан оролцууллаа.
Монгол улсын хэмжээнд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 26002 дуудлагаас хүүхдийн эрх хамгааллын дуудлага 4002 байгаагаас үе тэнгийн дарамт хүчирхийллийн 110 дуудлага хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Улаанбаатар хотын 9 дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.
Тэгвэл Баянхонгор аймгийн хэмжээнд хүүхэд багачуудын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулсан бөгөөд үүнд өртсөн хүүхдүүдийн тодорхой хувь нь ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байдаг гэжээ. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд мэргэжлийн сэтгэл зүйчтэй болж буйн зэрэгцээ зүйн зөвлөгөө авах төвүүдийг сургуулиуд дээр байгуулж эхлээд байгаа юм.
Аяны хүрээнд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулагчид шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа юм.
Дээрэлхэлд өртөх нь хүүхдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, сурлага, зан чанар, амьдралыг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг төдийгүй нийгэмд олон сөрөг үр дагаварыг бий болгодог бөгөөд үүнийг таслан зогсоохын тулд бүх талын оролцоо, хандлага, нөлөөлөл чухал гэдгийг аяныг зохион байгуулагчид ярьж байна.