СУРГУУЛИУД ТУСЛАХ АЖ АХУЙТАЙ БОЛСНООР ХҮҮХДҮҮД БАГШ АЖИЛЧДЫН ГАРААР ТАРЬСАН ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭНЭ

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр "Өрхийн тариалан бизнес хөгжил" ТББ "Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй-2 төслийг Баянхонгор суманд хэрэгжүүлэхээр болоод байна.

Өрхийн Тариалан Бизнес Хөгжил” ТББ нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд болон гадны улс орнуудын хандивлагч байгууллагуудтай хамтран хөдөө орон нутгийн 2700 өрхийн 11000 гаруй иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой амжиргааг дэмжих, Жижиг Дунд үйлдвэрлэлийг дэмжих, мөн Зудын эрсдлийг бууруулах Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүн амын ундны усан хангамжийг сайжруулах, таримал хадлан бэлчээр тарьж ургуулах, жимс жимсгэний мод бут тариалах, ногоон байгууламж байгуулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг туслах аж ахуйтай болгох чиглэлээр төсөл хөтөлбөрүүдэд хамруулан ажилладаг байгууллага юм.

Тэд Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй төслөө 2020-2023 онуудад Өвөрхөнгай аймгийн Баянгол, Төгрөг, Арвайхээр болон бусад 6 сумдад хэрэгжүүлсэн.

Баянхонгор аймагт энэ жилээс эхлэх бөгөөд 2026 он хүртэл Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй-2 төсөл нэртэйгээр ЕБ-ын хоёр сургуулийг сонгон төмс, хүнсний ногоо тариалах аж ахуйтай болгох, зоорийн болон хүлэмжийн аж ахуй байгуулан, услалтын системийг мөн шийдэж, сургалт мэдээллээр тогтмол ханган ажиллах юм.

Ингэхдээ Эрдэм ахлах сургууль болон 5-р сургуулийн эцэг эхийн төлөөлөл болсон тус бүр 20 өрхийг туслах аж ахуйтай болоход нь дэмжих юм.

Дээрхи төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн хүнсний болон ундны усны хангамж, цаашлаад өрхийн орлого нэмэгдэх зэрэг олон сайн үр дүн гарах юм.

“Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ-ын тэргүүн Я.Төрхүү: Төслөөс сургууль цэцэрлэгүүд төмс, хүнсний ногооны аж ахуйгаа хөгжүүлж, бие даан авч явах чадвартай болгож үлдээнэ гэсэн хараа зорилготой ажиллаж байна гэлээ.

Баянхонгор сум өрхийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 100 хүлэмжийн аж ахуйн парк байгуулахаар зорьж байна.

Уг төсөлд эхний ээлжинд хоёр сургуулийг сонгож байгаа ч нэмж сургуулиудыг хамруулах төлөвлөгөөтэй байна.

Төсөл хэрэгжих сургуулийн удирдлагууд болон Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяр төслийн багтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

2023-04-06 00:00:00